Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл аймгийн Цагдаагийн хэлтэст ажиллаж, алба хаагчидтай уулзан, нийтийн хэв журмыг хамгаалах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Цагдаагийн хэлтсээс 2026 оны эхний 8 сарын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тайлант хугацаанд нийт 891 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурсан байна. Үүнээс 623 нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бөгөөд 19 хувиар буурч, шийдвэрлэлт 98.8 хувьтай байна.
Харин нийт 179 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 55.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүний дотор хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 36.6 хувиар өссөн бөгөөд гудамж, талбай болон гэр бүлийн орчин дахь архидан согтууралт голлон нөлөөлж байгааг мэдээллээ.
Цаашид гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, архидан согтууралттай холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, эргүүл хяналтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.
Мөн уулзалтын үеэр Цагдаагийн хэлтсийн эргүүл, хяналтын үйл ажиллагаанд ашиглах бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өглөө.











