Өвөлийг үзэлгүй намраас шууд хавартай золгоод авлаа. Цас ороогүй
болохоор газрын чийг мэдээж байхгүй. Хуурайшилт ихтэй хойно хавсарга
шороо ороолгоотой байж таарна. Энэ хаврын өнгө нэг иймэрхүү байх
төлөвтэй. Өнгөрсөн хавар бидний тарьсан өнөө хорь гаруй мянган мод,
бут, зүлэг сөөг, мөчир нахиа хэрхэн яаж өсөж өндийн, өнгөжин ногоорохыг
хүн бүр харж байна. Зөв үрслүүлж, зөв
тарьсан, арчилгаа тордлого, эзэнтэй хяналттай байсан нь л ногоорон
шоволзоод ирнэ дээ. Саяхан аймгийн БОНХ-ийн газрынхан албан байгууллага,
аж ахуйн нэгжийнхэнд зориулан нэгэн сургалт, бэсрэг уулзалт, зөвлөгөөн
зохион байгуулав. Байгууллага болгон гаднаа мод сөөг тарьцгаасан. Бас
хамт олон, хэсэг бүлгээрээ орон нутгийнхаа ногоон бүс, төв зам дагуу
чамгүй их тарьц, суулгац суулгасан билээ. Нэг далайлтаар шуурч очоод шоу
болгож, баахан нүх ухан, шилбэ суулгаад таг мартан, тас хаядаг гашуун
түүх бидэнд бий шүү. Харж хандах эзэнгүй, хөөрхий нялх тарьцууд уйлж,
унжин, гандаж гундсаар “насан өөд” болж хөлийн гишгэдэл, малын хивэгнэл болоод замхардаг. Чухам тийм
учраас байгууллага болгоноос хэн нэгийгээ орчныхоо ногоон хөгжилд
анхаарал тавьж, мод бутаа асран тойлж, услан арчилж байхын чухлыг
ойлгуулж, харах хүн, хариуцах эзэнтэй байлгах зорилгыг энэ сургалт
зөвлөгөөн агуулж байв. Басхүү ийм хүмүүсээ ажлын үзүүлэлт, амжилтын
дүгнэлтэд нь бодолцож, болж өгвөл урамшуулал үзүүлж байхыг санууллаа.
Санасныг бодвол олон хүн ирж оролцсон. Харуул хамгаалалт, жижүүр сахиул,
үйлчлэгч туслахууд, бичиг хэрэг, даргын нарийнууд гээд л. Хэн байх нь
яахав. Гадаа байгаа тарьсан мод, таалсан цэцэг, суулгасан зүлгээ гахайнд
сэндийлүүлж, ямаанд идүүлчихэлгүй харж хандаад, услаж тордоод байгаарай
л гээд байна лээ. Цагаа олсон энэ сургалтад учиргүй мэргэжлийн ном
заагаад байсангүй. Аймаг, хотоо ногооруулахад ард иргэд, албан
байгууллагууд, таны миний, хэн бүхний жаахан ч гэсэн сэтгэл л хэрэгтэй
гэдгийг ойлгуулсан