Намрын тэргүүн сарын билэгт сайн өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл болон холбогдох хэлтэс агентлагуудын дарга, мэргэжилтэн, албан хаагчид, Боржигин чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөн, Зүүн жанжин Чойрийн хийдийн лам, хуваргууд ном хурлаа.
Манай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1994 онд Говьсүмбэр аймаг байгуулагдахад 30 ортой сумын эмнэлгийн бааз суурин дээр одоог хүртэл 100 ортой, 136 орон тоотойгоор Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг явуулж, жилдээ 4000 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлэгдэж, 75000 гаруй үйлчлүүлэгчдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлж байгаа ба уг эмнэлгийн одоогийн байгаа хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдсэнээр эмнэлгийн барилга стандартын шаардлага хангахгүйгээс иргэд, үйлчлүүлэгч төдийгүй бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй хүргэх эмнэлгийн үйлчилгээний дутагдалтай байна.
МУ-ын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг болон Аймгийн удирдлагууд эрүүл мэндийн чанар, хүртээмж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Нэгдсэн эмнэлгийг шинэ байртай болох ажлыг эрчимжүүлж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг ажлыг хийхээр боломж нөхцлийг бүрдүүлж 2018 оноос барилгын ажлыг эхлүүлснээр 2020 онд бүрэн ашиглалтанд оруулахаар боллоо.
Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 3 сумын Эрүүл мэндийн төвийн лабораторид шаардлага багаж хэрэгслүүдийг гардуулан өглөө.