Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2022-12-01

МЭНДЧИЛГЭЭ

Боржигин түмний өлгий нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, иргэдийн итгэлийг хүлээн сонгогдож, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалан шийдвэр гаргах түвшинд тэднийг төлөөлж өөрийн мэдлэг чадвараа зориулан зүтгэж явсан үе үеийн нийт төлөөлөгчид Та бүхэндээ Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо  үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол орон ардчилал, зах зээлийн нийгмийн тогтолцоонд шилжиж 1992 онд шинэ Үндсэн Хуулиа баталснаар нутгийн удирдлагын тогтолцоог шинэчлэн байгуулах эрх зүйн орчин бүрдсэн түүхтэй. Улс орны өнцөг булан бүрээс ирсэн 300 гаруй төлөөлөгч Ардчилсан Монгол Улсын гол багана болох Үндсэн хуулийг баталж, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсийг тавьснаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөгийн тогтолцооны үүсэл тавигдсан юм.

  Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлсэн энэхүү 30 жилд Говьсүмбэр аймгийнхаа иргэдийн эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт 8 удаагийн бүрэн эрхийн хугацаанд давхардсан тоогоор 216 төлөөлөгч сонгогдон, аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө өөр өөрийн түүхэн хувь нэмрээ оруулж, нутаг дэвсгэрийнхээ асуудлыг шийдвэрлэх тогтоол шийдвэрүүдийг боловсруулан баталж ирснийг бахархан тэмдэглэж байна.

Өнгөрсөн гучин жилд та бүхний билэг оюун, мэдлэг туршлагын үрээр аймгийн ИТХ  2000  орчим тогтоол батлан гаргажээ. Үүний 80 гаруй хувь нь хөгжлийн бодлого чиглэл тодорхойлж, хөрөнгө санхүүгийн асуудал шийдвэрлэсэн, шийдвэрийн хэрэгжилт эрчимжүүлж, үйл ажиллагаа, бодлого зохицуулалт хийсэн, бодлогын залгамж чанарыг хангаж өмнө гаргасан шийдвэрээ тодорхой хугацааны дараа боловсронгуй болгож шинэчилсэн зэрэг олон бүтээлч шийдвэрүүд гарсан байна.

                2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэн найруулж батлагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн он жилүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зөв зохион байгуулах, хариуцлагатай цаг үед ажиллаж байна.

Ийнхүү энэ бүрэн эрхийн хугацааны Төлөөлөгчид бид шинэ эрх зүйн орчинд орон нутгийн бодлогыг тодорхойлох, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, аймаг, сумд бие даан хөгжих гарааны жилд сонгогдон ажиллаж байгаагаараа онцлог юм.

Иргэдийн төлөөлөгч гэдэг эрхэм үүргээ чанд сахин, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, хэлэлцэх асуудал, өгөх санал, сонгох шийдэл бүхнээ олон талаас нь судалж мэргэшсэн байхыг Та биднээс цаг үеийн сорилт бүхэн шаардаж байна.

Энэхүү 30 жилийн хөгжлийн түүхийг бичилцэж ирсэн эрхэм хүмүүсийн төлөөлөл болсон Та бүхэнд Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойн мэндийг ахин дэвшүүлж, оюун ухаан тань цэцэн мэргэн, ажил үйлс тань өөдрөг өрнүүн, аж амьдрал тань өнгөлөг, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

Нутгийн өөрөө удирдах байгууллага маань улам бэхжиж,  өргөжин тэлж,

Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.

 

 АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА                     Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%