Айлчлалын үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галтыг хүлээн авч уулзан олон чухал асуудлын талаар хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлын хүрээнд:
- Сонгуулийн үр дүн болон ирээдүйн төлөвлөгөө
- Гадаадын хөрөнгө оруулалт
- Авилгын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
- Иргэдийн нийгмийн байдал
- Энх тайвны корпусын 25 жилийн ойн баяр
- Ирээдүйд хамтарч ажиллах боломжуудын талаар харилцан санал бодлоо солилцлоо.
Говьсүмбэр аймагт Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлсэн 3 төсөл нийт $92.597.087 долларын санхүүжилтээр 2010 оноос 2014 оныг хүртэл амжилттай хэрэгжсэн юм.
Хөтөлбөрийн дагуу элчин сайд хатагтай Галт МСС-ын санхүүжилтээр Политехник коллеж дээр хэрэгжүүлсэн мэргэжлийн боловсролын төслийн үр дүнтэй танилцлаа. Мөн тус сангаас оруулсан бодит хөрөнгө оруулалтын ашиглалт, хамгаалалт маш сайн байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Мөн хөтөлбөр ёсоор элчин сайд хатагтай Галт аймгийн Онцгой байдлын газарт очиж онцгой байдлын газрын ажлын албатай уулзаж, тэдний ажил байдалтай танилцлаа. АНУ нь Онцгой байдлын Ерөний газартай хамтран жил бүр “Говийн чоно” сургалтыг маш өргөн хүрээнд зохион байгуулдаг. 2015 онд тус сургалтад Япон, Непаль, Солонгосын Онцгой байдлын газрын албан хаагчдыг авчирч бие биенээсээ туршлага солилцох сургалтыг зохион байгуулж байсан. Сургалтын явцад монгол албан хаагчдыг тоног төхөөрөмж, хэрэгслүүдээ бүрэн эзэмшсэн, чадвартай гэж бусад орны албан хаагчид дүгнэж байсан. Хэдийгээр албан хаагчид чадвартай боловч гал унтраах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хувьд дутмаг байдаг тал дээр онцгой анхаарч ажиллах нь зүйтэй юм гэдгийг Онцгой байдлын газрын орлогч дарга, Онцгой байдлын дэд хурандаа Б.Энхжаргал дурьдсан юм.